Үйлдвэрлэлийн менежментийг судлах шаардлага
Менежерийн үүрэг.
Манлайлагчийг
судлахад байнга хэрэглэдэг асуулга, сурвалжлагын аргаас өөр шууд
ажиглалтын үндсэн дээр Минцберг менежерийн гурван хэв шинжийн үүрэг
байдгийг тодорхойлсныг Зураг 1-д харуулав. Хүмүүс хоорондын албан ёсны
эрх мэдэлтэй холбоотой бөгөөд албан тушаалын албан ёсны статусаас
хамааран менежер байгууллага, нэгж, хамт олны билэгдэл байж, тэднийг
төлөөлөх үүрэг гүйцэтгэдэг. Менежер төлөөлөх үүрэг гүйцэтгэхдээ наад зах
нь байгууллагад ирж байгаа зочдыг тосч уулзах, албаны чухал хүнтэй хамт
хооллох зэрэг ёслолын үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манлайлах
үүргээ гүйцэтгэх үед менежер байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх үүднээс
захиргаандаа байгаа хүмүүсийн сэтгэл санааг өргөх, дэмжиж туслахад
өөрийнхөө нөлөөг ашигладаг. Хүмүүс хоорондын үүргийн гурав дахь гол
хэсэг бол байгууллагын гадаад харилцаа холбоог тогтоож бэхжүүлэх явдал
юм. Энэ нь менежер өөрийнхөө салбар нэгжийн дарга, ажилчидтай ажиллахаас
илүүтэй бусад байгууллага, салбарын ийм түвшний менежерүүдтэй
харилцахад дийлэнх цагаа зарцуулна гэсэн үг.
Зураг 1. Г.Минцбергийн тодорхойлсон менежерийн үүргүүд
Мэдээллийн үүрэг. Олон
судалгаагаар менежер хүн мэдээлэл хүлээн авах, дамжуулахад маш их цаг
хугацаа зарцуулдаг гэж дүгнэсэн байдаг. Менежер ажиглагч, мэдээлэл
хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэхдээ хүрээлэн байгаа орчин, захирагдагчид,
удирдлагаас байнга мэдээлэл хүлээн авч судалж, мөн гадаад холбоог
ашигладаг. Мэдээлэл түгээгчийн хувьд менежер ажил хэрэгт шаардлагатай
мэдээлэлдээч удирдлага болон ажлын хэсэг, ажилчдад цаг тухайд нь өгөх,
байгууллагын дотоодод болон гадагш харилцагчдад мэдээллийг хүргэж
байдаг.
Шийдвэр гаргах үүрэг гүйцэтгэхдээ
менежер өөрт байгаа мэдээлэлдээ тулгуурладаг. Минцбергийн "эзэн" гэж
нэрлэсэн үүргээ хэрэгжүүлэх үед менежер ажилдаа "эзний ёсоор" хандаж
чухал төсөл санаачлан боловсруулж түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай
нөөцийг зохицуулдаг. Зөрөлдөөн зохицуулагч, таагүй байдлыг зайлуулагч
хэмээх үүргийг Минцберг тайлбарлахдаа өмчийн эзэн ба менежер хоёрын
ялгааг суурь болгосон байна. Өмчийн эзэн алс хэтийг таамаглан байж
давшингуй үйлдлийг хийхийг хичээдэг бол, менежер ажлын таагүй нөхцөл
байдлыг арилгах, түүнийг зайлуулахыг эрмэлзэн их төлөв бий болсон нөхцөл
байдалд хариу үйлдэл үзүүлж ажилладаг ажээ. Энэ байдал нь зөрөлдөөний
эсрэг байр суурьтай удирдагчтай адил мэт ойлгогдож болох юм. Гэвч үүнийг
байгууллагын хэвийн ажил хэргийг алдагдуулж болох ажилтнууд ажил
хаяхаар заналхийлэх, гол нийлүүлэгчийн зүгээс гэрээгээ цуцлахаар
сүрдүүлэх мэтийн үйлдлийг зохицуулахын тулд хийдэг оролдлоготой холбон
ойлгох хэрэгтэй юм. Нөөц хуваарилах үүрэгтэй менежер нь хэлтэстээ хэнд
нь юуг хуваарилахаа шийддэг. Гэрээ хэлэлцээр хийх үүргийн дагуу менежер
хүн бүх түвшний захирагдагчид, дарга нар, хөндлөнгийн хүмүүстэй алхам
тутамдаа гэрээ, хэлэлцэл хийж байдаг. Үйлдвэрийн хэлтсийн менежер гэхэд
үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчтэй ажилчдын санал гомдлын талаар, хүний
нөөцийн хэлтсийнхэнтэй ажилчны шагналын талаар тохиролцох болдог.
Comments
Post a Comment