хөрөнгө исгэх
Талхны хөрөнгө исгэх жор
Талх, нарийн
боов нь айл гэр бүлийн өдөр тутмын өргөн хэрэглээний нэг хэсэг шүү дээ.
Дэлгүүрээс талх, боорцгоо худалдан авснаас гэртээ өөрсдийн гараар хийж
сурах нь илүү эрүүл, чанартай, амттай байхаас гадна эдийн засагд ч
хэмнэлттэй шүү дээ. Тиймээс гэртээ өөрийн гараар талх, нарийн боовоо
хийх дуртай хүмүүст зориулан хөрөнгө исгэх жорыг оруулж байна. Энэхүү
аргаар хөрөнгө исгэхэд танаас их цаг шаардахгүй бөгөөд гурил, усаар л
бэлтгэж хийнэ. Хөрөнгийг бүх төрлийн нарийн боов, талх барихдаа талхны
хэмжээнээс шалтгаалан исгэгч болгон хэрэглэнэ. Ийм хөрөнгөөр барьсан
талх хөвсгөр, сайхан амттай болдог.
Гурил |
150 гр
|
Ус |
135 мл
|
- Талхны хөрөнгө бэлтгэх сав нь шилэн эсвэл хуванцар сав байвал илүү тохиромжтой байдаг. Савыг сайтар угааж цэвэрлэнэ. Ингээд 150гр хуурай гурил хийнэ. Нэгдүгээр гурил эсвэл дээд гурил аль нь ч болно.
- Дараа нь 135мл тасалгааны температуртай цэвэр ус хийнэ.
- Ингээд модон хутгуураар жигд зөөлөн хутгана. Зуурмаг жигд нялцгай, шавар шиг болох ёстой.
- Дараа нь агаар орохооргүй гялгар уутаар сайтар таглаад тасалгааны температурт 24 цаг байлгана. Хэт халуун хэт сэрүүн нөхцөлд хөрөнгө исэхгүй тал байдаг.
- 2 дахь өдөр: хөрөнгө энд тэндээ жижиг бөмбөлөгтэй байх болно. Ингээд алхам 1-3 дээр хийсэн хэмжээгээр гурил, усыг хольж хутгаад энэхүү хөрөнгө дээрээ нэмж жигд болтол зөөлөн хутгана. Дахин агаар орохооргүй таглаад 24 цаг байлгана.
- 3 дахь өдөр: Хөрөнгө илүү олон бөмбөлөгтэй болсон байх ба хутгахад лаг шавар шиг хутгуурыг бага зэрэг зуурах болно. Мөн исгэлэн үнэр үнэртэж, бөмбөлөгнүүд хагарч байх болно. Ингээд алхам 1-3 дээр хийсэн хэмжээгээр гурил, усыг дахин хольж хутгаад энэхүү хөрөнгө дээрээ нэмж жигд болтол зөөлөн хутгана. Дахин агаар орохооргүй таглаад 24 цаг байлгана.
- 4 дэх өдөр: Хөрөнгө хөөж илүү олон бөмбөлөгтэй болж илүү исгэлэн үнэртэй болсон байх болно. Модон хутгуураар зөөлөн хутгаад дахин таглаж тавиад 24 цаг болгоно. Энэ удаад гурил, ус нэмэхгүй.
- 5 дахь өдөр: Хөрөнгө илүү хурц исгэлэн үнэртэй бас илүү олон жижиг бөмбөлөг үүсч хөөсөрсөн байдалтай болсон байх ба хутгахад зөөлөвтөр байх болно. Энэ үед хөрөнгийг хэрэглэхэд бэлэн болсон гэсэн үг. Хэрвээ хараахан ийм болоогүй бол таглаж тавиад 24 цаг болгосны дараа дахин үзээд хэрэглээрэй.
Comments
Post a Comment