ХҮМ 1 Л№ 2 Үйлдвэрийн газрын өрсөлдөх хүчин зүйлс
Байгууллага нь хэрэглэгчидийн ямар эрэлтийг хангаж байгаа болон үйл ажиллагааныхаа төрөл хэмжээ цар хүрээнээс үл хамааран дараахь 3 үйл ажиллагааг зайлшгүй явуулж байдаг бөгөөд эдгээрийг байгууллагын үйл ажиллагааны үндсэн функцууд гэж нэрлэдэг.
1. Үндсэн үйл ажиллагаа
2. Маркетинг
3. Санхүү Аливаа байгууллагын хувьд эрхэлж буй үндсэн үйл ажиллагаа нь хөрөнгө санхүүгийн зохистой удирдлага болон бүтээгдэхүүний борлуулалтыг урьдчилан таамаглаж борлуулалтын удирдлагагүйгээр амжилтанд хүрнэ гэдэг боломжгүй юм. Иймээс эдгээр функцууд нь хоорондоо нягт холбогдох ба энэ нь хэрэглэгчидийн эрэлт хэрэгцээг хангах гэсэн үйлдвэрлэгчдийн гол зорилгоор илэрч байдаг. Санхүүгийн үүрэг. Санхүүгийн үйл ажиллагаа нь үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах санхүүгийн нөөцийн ашиглалтыг зохицуулах, бүртгэх хянах, зардлын хуваарилалтыг оновчтой хийх, хөрөнгийн эргэлтийг найдвартай байлгах, хөрөнгө оруулалт хийх боломжийг тооцож байх үүрэгтэй ба шаардлагатай үед тоног төхөөрөмж болон ажиллах хүчнийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний дизайны өөрчлөлтийг даган үйл ажиллагаанд болон үйлдвэрлэлийн шугамд өөрчлөлт хийх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх зэрэг боломжийг үйлдвэрлэгчдэд олгож байдаг. Санхүүгийн болон үйл ажиллагааны менежерүүд мэдээлэл болон туршлага дээрээ үндэслэн санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд доорхи чиглэлийн шийдвэр гаргахад оролцож байдаг. 1. Төсөв бүрдүүлэх. Эрэлттэй уялдсан үйлдвэрлэлийн төлөвлөгөөний төсвийг боловсруулдаг. 2. Хөрөнгө оруулалтын эдийн засгийн шинжилгээ. Үйлдвэрлэлд шаардлагатай шинэ хөрөнгө оруулалтыг боломжит хувилбаруудаас сонгох болон хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцож байдаг. 3. Нөөц фондыг бэлтгэх. Үйл ажиллагааны явцад урьдчилан тооцоолоогүй олон асуудлууд тулгарч байдаг ба үүнийг шийдвэрлэх зорилготой хөрөнгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байх ба үүнийг борлуулалтын орлогоос олж авч байдаг. Маркетингийн үүрэг. Бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой үйл ажиллагааг голлон хариуцахдаа хэрэглэгчидийн хэрэгцээ сонирхолыг судлах ба тэдний хүсч буй бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийн өөрчлөлт болон тоо хэмжээ, чанар, загвар дизайны тухай мэдээллээр үйлдвэрлэгчийг хангах үүрэгтэй байна. Бүтээгдэхүүнийг сурталчлах болон борлуулалтын урамшуулалт, идэвхижүүлэлт явуулснаар хэрэглэгчидийг хүссэн бараа үйлчилгээгээр хангах боломжийг олгоно. Энэ нь бүтээгдэхүүнийг өөрчилж сайжруулах төдийгүй борлуулалтын цаашдын хандлагыг харах боломжийг үйлдвэрлэгчдэд олгоно. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчид хэрэглэгчидийн хүсэл шаардлагыг хангасан бараа үйлчилгээг өөрийн хөрөнгийн чадварт зохицуулан үйлдвэрлэх болон байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангах хариуцлагыг нийгмийн өмнө хүлээнэ. Мөн энэ функцийн хүрээнд: Борлуулалтын дараахь үйлчилгээ Хэрэглэгчидийн хүсэлтийг шийдвэрлэх Хэрэглэгчидэд зөвлөгөө санал болгох Хэрэглэгчидийн санал гомдлыг шийдэх Зар сурталчилгаа болон олон нийтийн харилцаатай холбоотой асуудлуудыг мөн шийдвэрлэдэг. Байгууллагад үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулахын тулд шаардлагатай нягтлан бодох бүртгэл, түүхий эд болон тоног төхөөрөмжийн хангамжийн буюу бэлтгэн нийлүүлэлтийн, засвар үйлчилгээний инженерийн болон технологийн, боловсон хүчний болон олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой функциуд хэрэгжиж байдаг. Үндсэн үйл ажиллагааны функц нь байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэх үндсэн үйл явц буюу процессийг илэрхийлэх ба үйлдвэрлэлд тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээнд хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагыг хангах үйл явцаар илэрч байдаг. Үндсэн үйл ажиллагаа гэдэг нь шаардлагатай нөөцүүдийг ашиглан (хөдөлмөр, капитал, технологи материал, хөрөнгө, эрчим хүч, мэдээлэл болон цаг хугацаа зэрэг) гарц (бүтээгдэхүүн буюу үйлчилгээ) болгон хувиргах үйл явцыг хэлнэ. Нөөцүүдийг биет болон биет бус гэж ангилж болох бөгөөд ажиллах хүчин, материал түүхий эд, техник тоног төхөөрөмж зэрэг нь биет нөөцүүд бөгөөд энэ нөөцийг удирдахад гол анхаарах зүйл нь нөөцийн чанар түүний оновчтой сонголт болон зарцуулалтанд анхаарал хандуулдаг. Биет бус гэж нэрлэгдэх технологи, арга ажиллагаа, үйл явц зэрэг нөөцийн хувьд тэдгээрийн оновчтой хуваарилалт, зөв төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт зэрэгт илүү анхаарал тавих шаардлагатай байдаг. Үйлдвэрлэлд шаардлагатай бүхий л нөөцүүдийг татан аваад, түүнийгээ бүтээгдэхүүн болон үйлчилгээ болгон хувиргахад түүхий эд материал болон бусад нөөцүүд бүгдийнх нь шинж чанар нь үндсэн үйл ажиллагааны үр дүнд өөрчлөгдөж боловсруулагдах ба үүнийг үнэ цэнийг нэмэгдүүлэх гэж ч мөн нэрлэдэг. Систем гэдэг нь байнгын хөгжил хөдөлгөөнд байдаг зүйлийг хэлэх бөгөөд нээлттэй болон хаалттай гэж хоѐр ангилж үздэг. Нээлттэй систем гэдэг нь гадаад орчны өөрчлөлтөнд өөрийгөө өөрчилдөг, хаалттай систем нь гадаад орчноос хамааралгүйгээр өөрчлөлт хийж, хөгжиж хөдөлж байдаг гэж үздэг. Байгууллага нь нээлттэй системийн жишээ бөгөөд энэ үүднээс харахад гадаад орчны өөрчлөлт нь байгууллагын үйл ажиллагаанд буюу дотоод орчинд нөлөөлж байдаг бөгөөд энэ нь байгууллагын хөгжлийн үндэс нь болдог.
Comments
Post a Comment