Жимс ногоо боловсруулах технологи Лекц 1,2 Ажлын байрны зохион байгуулалтыг хийх

 

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРТ МӨРДӨХ ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР

ХАМГААЛЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

 

Хүнсний ногоо боловсруулах  үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь хүн амд эрүүл ахуй, ариун цэвэр, стандартын шаардлага хангасан газар, орчин, барилга байгууламж, ажлын байранд зориулалтын багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр  мэргэжлийн болон мэргэшсэн хүн, чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийн шаардлага хангасан, баталгаажсан технологийн зааврын дагуу үйлдвэрлэсэн  хүнсний бүх төрлийн ногоо, дахин боловсруулсан  бүтээгдэхүүнээр  үйлчилгээ үзүүлэхэд оршино. Хүнсний ногоо боловсруулах үйлдвэр нь өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж, мөрдөж ажиллана.

Хүнсний ногоо боловсруулах  үйлдвэрийн барилга байгууламж, газар сонголтонд тавигдах шаардлага

Хүнсний ногоо боловсруулах үйлдвэрийн барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөх тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулна. Хүнсний ногоо боловсруулах  үйлдвэрийн  барилгыг  шинээр  барих буюу өөрчлөн  засварлахдаа үйлдвэрийнхээ хүчин чадалд тохируулан төрөлжсөн болон хосолсон  байж болно.

Үйлдвэрийн хашаан доторхи талбай нь хэсэгчилсэн хатуу хучилттай 10-аас доошгүй  хувийг зүлэгжүүлсэн, цэвэрлэхэд тохиромжтой байвал зохино. Тээврийн хэрэгслийн явах зам, орох, гарах хаалгууд нь түүхий эд ба бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх болон ажиллагсдын явах замтай давхцахгүй технологийн урсгалын  дагуу байна.Тээврийнхэрэгслийн угаалга, халдваргүйтгэл хийх талбай, угаалгын газартай байна. Зам талбайн гэрэлтүүлэгтэй байна. Тухайн барилга байгууламжийг барих барилгын материал нь эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байна. Шал нь ус нэвтэрдэггүй, шингээдэггүй угааж цэвэрлэхэд тохиромжтой гулгадаггүй материалаар нягт зай завсаргүй хийсэн, цэвэрлэгээ халдваргүйтгэл хийхэд ус чөлөөтэй урсаж бохир усны хоолой руу орж байхаар шуудуутай байна. Хана нь /үйлдвэрлэлийн өрөөнүүдийн/ 5.5 м-ээс багагүй өндөртэй, ус нэвтэрдэггүй, шингээдэггүй угаахад тохиромжтой материалаар хийгдсэн цэвэрлэхэд хялбар цагаан цайвар өнгөтэй байна. Хана, шал, таазны хоорондох булангуудыг цэвэрлэхэд хялбар байдлаар сайтар битүүмжлэгдсэн /дугуй 45 0налуу/ байна. Тааз нь тоос шороо хуримтлагдахгүй, ус чийг аль болох багаар үүсэх хөгц, мөөгөнцөр ургаж үржихгүй, будаг шохой нь хуурч унахгүй цэвэрлэхэд хялбар байна. Цонх нь тоос, шороо хуримтлагдахгүй, шавж нэвтрэхгүй, торон хаалттай, угааж цэвэрлэхэд хялбар, хуурч унахааргүй тогтвортой будагтай байна.Цонхны тавцанг тавиур болгон ашиглах боломжгүй налуу байдалтай хийсэн байна. Хаалгыг тэгш гөлгөр гадаргуутай ус шингээдэггүй материалаар хийсэн, бүрэн хаагддаг байна. Шат, цахилгаан шат, бүтээгдэхүүн түр буулгах тавцан дамжуулах хоолой зэрэг туслах байгууламжууд нь хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй, цэвэрлэх боломжтой байна.

Усан хангамж, ариун цэврийн байгууламжинд тавигдах шаардлага

Усан хангамж

Хүнсний ногоо боловсруулах  үйлдвэр нь төвлөрсөн болон хэсгийн усан хангамжтай байх ба унд, ахуйн усны зориулалтын шугам, хоолойгоор холбогдсон байх ёстой. Ашиглаж буй ундны ус нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангасан байх ба төвлөрсөн усан хангамжтай тохиолдолд жилд нэгээс доошгүй удаа, хэсгийн усан хангамжтай тохиодолд жилд хоёроос доошгүй удаа шинжилгээнд хамруулж, мэргэжлийн хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулсан байна. Өөрийн эзэмшилдээ гүн өрмийн худагтай тохиолдолд паспортжуулсан, битүүмжлэл сайтай, 50 метрт эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоосон байна.Технологийн болон цэвэрлэгээ халдваргүйтгэлд шаардагдах халуун усны шугамтай байна. Цэвэрлэгээний  ус нь 65о С /± 2°C/,халдваргүйтгэлийн ус нь 80о С /± 2°C/температураас багагүй  байна.

Технологийн хэрэгцээний уур нь хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулах болон хүний эрүүл мэндэд аюул учруулах ямар нэгэн бодис агуулаагүй байна.

Усан хоолой нь манометртэй, зөвхөн нэг чиглэлд усны хөдөлгөөнийг оруулдаг хавхлагуудтай байна.

Усан хангамжийн хоолойнууд нь “ундны”, “техникийн” гэсэн бичигтэй эсвэл өнгөөр ялгасан байна.

Төвлөрсөн усан хангамжгүй бол  мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагчийндүгнэлтийг үндэслэн усан сангаас ус ашиглахыг зөвшөөрнө. 

Бохир ус, хог  хаягдал зайлуулах

Шал нь 150м2 талбай тутамд шингэн урсаж орох 10 см диаметртэй,1м  тутамд 2,08 см  налуутайтрап,  тос баригчтай  байна. 

        Үйлдвэрүүд бохир усыг зайлуулах  төвлөрсөн буюу хэсгийн системтэй байна.  Ахуйн болон  үйлдвэрийн бохир ус гадагшлуулах шугам нь тусдаа  байх бөгөөд үйлдвэрийн барилгын гадна  хэсэгт нийлнэ. Бохир усны хими, физик ба нян судлалын үзүүлэлтүүдийг итгэмжлэгдсэн лабораторит улирал тутамд шинжлүүлж  дүгнэлт гаргуулсан байна. Хог хаягдлын цэгийг ноёлох салхины доор үйлдвэрийн байрнаас 25 метрийн зайд байрлуулна.

 Ариун цэврийн өрөө

 Үйлдвэрийн ариун цэврийн өрөө нь цэвэр, бохир усны системд холбогдсон, агааржуулалттай  байна. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс тусгаарлагдсан, 1 суултуур  25-30 хүн  ноогдохоор тооцоолж, нийт ажиллагсдад хүрэлцээтэй байна. Халуун, хүйтэн автомат холигчтой угаалтууртай, гар халдваргүйтгэх  бэлдмэл, хатаагууртай байна. Халуун, хүйтэн усны крант нь хосолмол байх бөгөөд гар хүрэлцэхгүйгээр ажилладаг, жорлонгийн суултуурын усыг хөлөөр гишгэхээр хийж, хаалга нь өөрөө хаагддаг байна. Душны өрөөний ханыг плитагаар өнгөлж, таазыг тосон будгаар, шалыг керамик хавтангаар хийнэ. Жорлон душ, угаалгын газрыг хүнсний цех, үйлдвэрийн болон агуулах, гуанзны дээд давхарт  байрлуулахгүй.   Жорлонгийн   гадна ажлын хувцасны өлгүүр байрлуулна.  Үйлдвэрлэлийн байранд халуун, хүйтэн устай угаалтуур, ариутгах бодис, заавал байх ба саван, сойз, халдваргүйтгэлийн уусмалд зориулсан сав, нэг удаагийн хэрэглээний алчуур, электрон хатаагчтай байна.

          Агааржуулалт

 Үйлдвэр нь хэт халсан болон бохирдсон чийгтэй агаар, тоос шороо зайлуулах, цэвэр агаар оруулах, агааржуулалтын механик системтэй байна.Бохирдсон агаарыг гадагшлуулах чиглэл нь цэвэр агаар оруулах чиглэлтэй огтлолцохгүй.  Агаар гадагшлуулах болон оруулах агааржуулалтын суваг нь шавж хорхой нэвтрэхээс хамгаалсан торон хаалттай, үл зэврэх материалаар хийгдсэн, хаалтыг авч цэвэрлэж болохоор байна. Агааржуулалтын сувгууд, агаар сорох багажийг үечлэн жилд 1-ээс багагүй удаа цэвэрлэх шаардлагатай. Үйлдвэрлэлийн их хэмжээний дулаан ялгаруулдаг хэсэгт хуурайшилтыг сорох механик агааржуулалттай байна. 

 Гэрэлтүүлэг : Үйлдвэрийн гэрэлтүүлэг нь эрүүл ахуйн шаардлагын дагуу  байгалийн болон зохиомол гэрлээр дор дурьдсанаас багагүй хэмжээгээр хангасан байна.

Үүнд: Үйлдвэрлэлийн хэсгүүдэд –540 люкс, Агуулахад – 220 люкс, Коридорт – 110 люкс. Технологийн дамжлагад бүтээгдэхүүний дээрээс гэрэл тусахаар чийдэнг байрлуулах ба шил хагарсан тохиолдолд бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй байхаар хамгаалалттай, сарниулагчтай, нөөц гэрэлтүүлэгчтэй байна. Байгалийн гэрэлтүүлэг хүрэлцээтэй байх ба технологийн нөхцөл нь байгалийн гэрэлтүүлэг шаардахгүй буюу огт байхгүй нөхцөлд ажлын өдрийн 50%-иас илүүгүй хугацаанд ажилчдыг байлгах байр байна. Барилгын цонхыг тунгалаг шилээр шилэлнэ.    

Дуу, шуугиан: Дуу чимээг намсгагч нь зориулалтын дуу намсгагч суурь, дуу шингээгч амортизаторууд зэрэг төхөөрөмжүүдтэй байх ба шуугианы хэмжээ, эрүүл ахуйн нормд  тохирсон байна.

         Хөргөлт, хөргөлтийн шаардлага

          Хөргөлтийн систем, түүнд ашиглаж буй хөргөлтийн бодисууд нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Хөргөлтийн системийн зохих хэмийг бүртгэлжүүлнэ.

Цэвэрлэгээ халдваргүйтгэлийн хэрэгсэл, төхөөрөмжинд тавигдах шаардлага

Технологийн бүх дамжлага, өрөө тасалгаа бүр цэвэрлэгээ халдваргүйтгэлийн хэрэгсэл төхөөрөмжтэй байх ба цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн багаж төхөөрөмж нь үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрэн хангасан, үл зэврэх материалаар хийсэн цэвэрлэхэд хялбар, халуун усаар бүрэн хангасан байна.  Халдваргүйтгэлд тухайн үед байгаль орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан ариутгал, халдваргүйтгэлийн бодисуудыг хэрэглэнэ.  Халдваргүйтгэл болон угаалгын бодисууд, цэвэрлэгээний материалыг тусгай агуулах, шүүгээнд шошгожуулан тус тусад нь хадгалах ба холбогдох дүгнэлттэй байна. Үйлдвэрийн хаалган дээр тээврийн хэрэгслийн дугуйг халдваргүйтгэх ба халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зориулалтаар халдваргүйтгэх уусмалаар дүүргэсэн тусгай хоригууд байрлуулна. Үйлдвэрийн чанарын хяналтын баг нь угаалга,цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулах бөгөөд түүний хэрэгжилтэнд хяналт тавина.

Цэвэрлэгээний төлөвлөгөөнд дараах асуудлыг тодорхой тусгана.Үүнд:

·       Гүйцэтгэх ажилтан нарын цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх хуваарь, түүний үүрэг хариуцлага

·       Цэвэрлэх талбай, эд зүйлс, сав суулга, тоног төхөөрөмж, цэвэрлэх хэрэгслийн нэр

·       Цэвэрлэх давтамж ба арга, аргачлал

·       Хяналт шинжилгээ хийх арга зам зэргийг тусгайлан зааж өгөх

   Угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн арга, аргачлалыг боловсруулахдаа үйлдвэрийн тоног төхөөрөмж,тээврийн хэрэгслийг угааж, халдваргүйжүүлэхийг зааварчлах төдийгүй угаалга, цэвэрлэгээнд хэрэглэж байгаа, алчуур, сойз, угаалгын бусад хэрэгслүүдийг хэрэглэсний дараа хэрхэн халдваргүйтгэх, цэвэрлэхийг тусгана. Цэвэрлэгээ, угаалга хийх явц нь дараах ажилбаруудаас бүрдэнэ. Үүнд: Хүрэлцэхүйц гадаргуугаас бохирдлыг сойздох, соруулах, шүрших, хусах ба бусад аргуудыг хэрэглэж цэвэрлэнэ. Хатуу үлдэгдлийг дэвтээж зөөлрүүлсний дараа угаалгын болон халдваргүйтгэлийн бодисоо цэвэрлэнэ. Угаалгын бодис, савангийн үлдэгдлийг цэвэр усаар зайлна. Тоног төхөөрөмжийн хүнстэй хүрэлцэх гадаргууг гэмтээж өөрчлөхгүйн тулд тохирсон цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн аргыг хэрэглэнэ.Үйлдвэрлэлийн ажлын байрныцэвэрлэгээг их цэвэрлэгээ, өдөр тутмын, хэсэгчилсэн байхаар зохион байгуулж графикт оруулна. Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр нөлөөг тогтмол, үр дүнтэй хянан шинжилж, тэмдэглэл хөтөлнө. Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн үр дүнг дотоодын болон хөндлөнгийн лабораторийн шинжилгээтэй мониторинг хийж баталгаажуулан, сорилтын дүнг хадгална.

Тоног, төхөөрөмжид тавигдах эрүүл ахуйн шаардлага

Хүнсний үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байна.

·       Хүнсийг бохирдохоос урьдчилан сэргийлсэн, цохигдоогүй, хонхор үүсээгүй, зүсэгдээгүй,

·       Цэвэрлэх,  халдваргүйтгэх, ариутгахад тэсвэртэй байх засвар үйлчилгээ хийхэд хялбар,

·       Хүнстэй харьцах гадаргуу нь хор хөнөөлгүй, урвалд ордоггүй, бохирдуулахгүй,

·       Ажиллагааны үед биологийн, химийн, физикийн бохирдол үүсгэхгүй, хүнсний бус будгаар будаагүй, хүнсний зориулалтын тэмдэг тэмдэглэгээтэй,

·       Хорт бодис дамжуулахгүй,

·       Амт, үнэр, ус чийг шингээхгүй,

Хүнсний үйлдвэрийн тоног, төхөөрөмжийг эргэн тойрноос нь чөлөөтэй хүрч цэвэрлэж болохуйц, технологийн шат дамжлагын дагуу зөв байрлалд, тоос шороо дамжиж бохирдохгүй газарт байрлуулна. Тоног, төхөөрөмжийн угаалга, халдваргүйтгэлд дотоодын хяналт тавьж бүртгэлжүүлнэ.

      Ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах шаардлага

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүн болон хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтан ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд 6 сар тутамд хамрагдсан байна. Ажилтан халдварт өвчнөөр өвчилсөн, эсхүл ийм өвчтөнг асарсан тохиолдол бүрд тухайн ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулсны дараа ажиллуулна.  Ажиллагсдын халдварт өвчний нян тээгч болох нь тогтоогдсон, гэр бүлийн хүмүүсээс гоц халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд халдварын эсрэг арга хэмжээ авах хүртэл уг хүнийг ажиллуулахыг түр хориглоно. Ажиллагсад үйлдвэрлэлийн байранд хөдөлмөр хамгааллын хувцсаар/халад, цамц, гутал, хормогч бээлий, үсийг бүрэн халхлахуйц толгойны өмсгөл зэрэг/ хангагдсан, бүрэн өмсөж хэвшсэн байна. Ажилчид хумсаа ургуулах, ажлын үед уруулаа будах, гар утас байлгах, гартаа цаг, бөгж бусад зүүлт зүүхийг  хориглох ба гарын ариун цэврийг чанд сахина. Үйлдвэрийн удирдлага, санхүүгээс ажилчдын хэрэгцээнд зориулсан дүрэмт хувцас, алчуур, саван, сойз, ариутгалын бодисоор тасралтгүйхангана. Ажиллагсдын ажлын хувцсыг угааж, цэвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна./тоног хэрэгсэлтэй эсвэл угаалгын гэрээт газартай/ Үйлдвэрлэлийн явцад тамхи татах, юм идэх, хооллох зэрэг буруу үйлдэл хийхийг  хориглоно.  Ажиллагсдын эрүүл ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа мөрдөж буй эсэхэд дотоод хяналтын нэгж, ажилтан өдөр тутам хяналт тавьж бүртгэлжүүлнэ.

Хортон, шавжаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тавих шаардлага

Шавж, мэрэгчийн устгалын арга хэмжээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ. Үйлдвэрт хортон шавьж, мэрэгч илэрсэн ул мөр илэрсэн тохиолдолд авах арга хэмжээг боловсруулсан, хавх зангыг шалгах ажилтнуудыг томилж хариуцуулсан байна.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, тээвэрлэлтийн үед тавих шаардлага

Хүнсний үйлдвэрлэлд стандарт, эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан түүхий эд, туслах материалыг ашиглана. Хүнсний түүхий эдийг хүлээн авахдаа тэдгээрийн чанарын баталгаа, үйлдвэрлэсэн он, сар, өдөр болон хадгалалтын хугацаа, гарал үүслийг сайтар шалгаж  бүртгэлжүүлж  авна. Баглаа, боодол, хайрцаг савтай зүйлийг онгойлгож нээхийн өмнө тоос шорооноос цэвэрлэнэ. Хүнсний зүйлийг жинлүүрийн тавцан дээр шууд тавьж жинлэхийг хориглох бөгөөд заавал зориулалтын цаас, уутан дээр тавьж  жинлэнэ.

Үйлдвэр нь дараах төрлийн агуулахтай байна:

            а.Түүхий эдийн

            б.Туслах материалын

            в. Сав баглаа боодлын

            г. Эцсийн бэлэн бүтээгдэхүүний

            д. Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл

            д. Буцаан татсан бүтээгдэхүүний

            е.Бусад/ цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн  бодис, материал, химийн бодис хадгалах гэх мэт/

Агуулах, тээврийн хэрэгсэл нь хүнс бохирдохгүй байх нөхцөлийг хангасан, засвар үйлчилгээ хийх тохиромжтой, хортон шавж, мэрэгчид нэвтрэхээс бүрэн хамгаалагдсан, Худалдааны агуулах. Ерөнхий шаардлага  MNS5364:2011 стандартын шаардлага хангасан байна.

Агуулахыг зориулалтын дагуу төхөөрөмжилсөн /хөргөх, халаах, хатаах,  агааргүй, агаар сэлгэлттэй, гэрэлтэй, гэрэлгүй гэх мэт/  орчны дулааны хэм, чийглэг зэрэг хадгалалтын горимыг хангах, хянах, зохицуулах боломжтой байна. Түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүнтэй хамт, чанар муудсан бараа, хурц онцгой үнэртэй бүтээгдэхүүнийг бусад бүтээгдэхүүнтэй хамт хадгалахыг хориглоно. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гэмтээж муутгахгүй, чанар байдлаа алдагдуулахгүй бүхээгтэй, хүнс тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Түргэн гэмтэх, эмзэг хүнсний бүтээгдэхүүнийг хөргөх, хөлдөөх нэмэлт төхөөрөмжөөр тоноглосон, дулаан тусгаарлагчтай бүхээгтэй зориулалтын  тээврийн хэрэгслээр тээвэрлэн, тээвэрлэлтийн үеийн хэмийг бүртгэнэ. Тээврийн хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэнэ.

Сав, баглаа боодол, шошгололтод тавигдах шаардлага

Хүнсний сав баглаа боодол нь  зориулалтын, хүнсний бүтээгдэхүүнд үл шилжих эрсдэлгүй,  бат, бөх, бохирдолоос бүрэн хэмжээгээр хамгаалсан, түгээлтийн явцад  учирч болох механик, хими, дулааны ачааллыг даахуйц байна. Дахин хэрэглэх савлагааны материал нь эдэлгээ даах, цэвэрлэх, ариутгах, халдваргүйтгэх боломжтой материалаар хийгдсэн байна. Сав, баглаа боодлыг  бохирдохоос хамгаалсан нөхцөлд хадгална. Шошгололт нь тухайн үед мөрдөгдөж байгаа, хууль, стандартын шаардлагуудыг хангасан байна.

Бүтээгдэхүүний аюулгүй байдлын дотоод хяналт, баталгаажуулалт

Хүнсний үйдвэрлэлийн чанар, аюулгүй байдлын дотоод хяналт, удирдлагын  тогтолцоог  бүрдүүлж ажиллана. Дотоод хяналтын тогтолцоог Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим /олон улсын зөвлөмж/ MNS САС/ RPC 1 стандартын дагуу хэрэгжүүлсэн байна. Бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан эрхэлсэн алба, нэгж, ажилтантай байна. Үйлдвэрийн дамжлагын болон түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний хяналтын  лабораторитай байна. Үйлдвэрийн дэргэд дотоодын хяналтын лабораторийн бүтээгдэхүүний цуврал бүрд хийсэн лабораторийн сорилтын үр дүнг үндэслэн чанарын гэрчилгээ үйлдэж баталгаажуулан, худалдаа үйлчилгээнд гаргана. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний иж бүрэн шинжилгээг хөндлөнгийн  итгэмжлэгдсэн  лабораторид  улиралд     нэгээсдоошгүй удаа, эсхүл шинээр үйлдвэрлэл эхэлсэн, үйлдвэрлэл удаан хугацаагаар завсарласны дараа үргэлжилсэн үед хийлгэнэ. Шинэ түүхий эд хүлээн авсан тохиолдол бүрт иж бүрэн шинжилгээг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид хийлгэж шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэлд хэрэглэнэ.

Түүхий эд, бүтээгдэхүүний сорилт, шинжилгээ, баталгаажуулалттай холбогдон гарах зардлыг үйлдвэрлэгч бүрэн хариуцна.


Comments