Байгууллага нь нийгмийн өмнө хэрэглэгчидийн тодорхой эрэлт хэрэгцээг хангах
үүрэг хүлээж байдаг бөгөөд зах зээлд удаан хугацаанд оршин тогтнох, улмаар үр өгөөжөө
өгөх, үр дүнд хүрэх гэсэн өөрийн зорилгоо биелүүлж байдаг. Аливаа байгууллагын үйл
ажиллагаа нь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ямар үйлчилгээ эрхэлдгээс хамаарахгүйгээр
хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагыг тоо болон чанарын хувьд хангахад чиглэгдэх бөгөөд
энэхүү үйл явц нь хялбар бүтэх энгийн цөөн ажилбараас эхлээд олон шат дамжлага бүхий
хэдэн зуун нарийн төвөгтэй үйлдлүүдээс бүрдэх нэгдмэл үйл ажиллагаанаас бүрдэнэ.
Байгууллага гэдэг нь тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хамтарч ажиллаж буй
хэсэг бүлэг хүмүүсийн нэгдмэл үйл ажиллагаа юм.
Байгууллагуудыг ерөнхийд нь төрийн ба хувийн хэвшлийн гэж ангилдаг бөгөөд
хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж байгаа, үйл ажиллагаа нь явагдаж
байгаа хэлбэрээр нь үйлдвэрлэл болон үйлчилгээ үзүүлдэг гэж ангилж болно.
Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент нь зөвхөн үйлдвэрлэл болон үйлчилгээний
үйл явцыг удирдах гэсэн үг биш бөгөөд эрэлтийн таамаглалын үндсэн дээр үйлдвэрлэх
бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээг тогтоох, түүнийг үндэслэн үйл ажиллагааныхаа
хэмжээ болон хийгдэх ажлуудаа төлөвлөх, гадаад болон дотоод орчны өөрчлөлтөнд үйл
ажиллагаагаа зохицуулах, үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжийг бүрдүүлэх, мөн
түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн оновчтой бага зардлаар, өндөр чанартайгаар
бий болгох гэхчилэн өргөн асуудлуудыг доорхи чиглэлээр судлаж байна.
Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл ямар үйлчилгээ үзүүлэх вэ? Энд бүтээгдэхүүний тоо
хэмжээ, чанар, загвар дизайн, нэр тэмдэг, дизайны чанар, найдвартай байдал, ерөхний
шинж чанар болон тэдгээрт нөлөөлдөг хүчин зүйлсүүд хамрагдана. Эдгээрийг сайжруулах
арга замууд, бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар (энэ нь бүтээгдэхүүний чанарын дээд
түвшинд байж болох хамгийн бага зардал) бий болгох, бүтээгдэхүүний өөрийн өртөг болон
гологдлыг бууруулах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх боломжуудыг авч үзнэ. Мөн
бүтээгдэхүүний дизайныг өөрчлөхтэй холбогдон судалгаа шинжилгээ хийх, түүнийг
үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай асуудлыг хамруулна.
Процессийн хувьд үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны үйл явц технологийн ямар
дарааллаар хэдий хугацаанд явагдах, ямар ур чадвартай хичнээн ажилчин ажиллах, ямар
тоног төхөөрөмж ашиглан хэр зэрэг хүчин чадлаар ажиллах тэдгээрийг үр дүнтэй ашиглах,
эрэлтээс хамааруулан хүчин чадлыг нэмэгдүүлэх эсвэл багасгах арга замуудтай танилцах ба
бүтээгдэхүүн үйлчилгээг өөрчлөхтэй холбогдуулан түүнийг өөрчлөх боломжууд зэрэг
асуудлуудыг судлана.
Удирдлагын бүхий л түвшин дэх шийдвэр гаргалт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, шийдвэр
гаргалтанд ашиглагддаг олон төрлийн аргуудтай танилцана. Үйл ажиллагааны хүрээнд
гаргах шийдвэрүүд нь үр дүн, үр ашиг болон чанарын өндөр түвшинд, зардал хамгийн бага
байх гэсэн ерөнхий шаардлагуудыг хангаснаар оновчтой шийдвэр болдог.
Үйлдвэрлэлд ашиглах түүхий эд материал, сэлбэг хэрэгсэл, эд ангиудтай холбоотойгоор
ямар хэмжээтэй, ямар чанартай бараа материалын нөөцшаардлагатай болохыг
тодорхойлохоос гадна үйлдвэрлэлийн үйл явцын тасралтгүй ажиллагааг хангахын тулд
нөөцийг хэрхэн хамгийн үр ашигтай байдлаар хангах, ашиглах, хэрхэн хяналт тавих зэрэг
асуудлуудыг авч үзнэ.
Ажилчидтай холбоотойгоор, хичнээн ажиллах хүч шаардлагатайг тооцохоос эхлээд тэдний
ажлын нарийн хуваарилалтыг хэрхэн хийх ажилчдын ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг
тооцох, түүнийг дээшлүүлэх боломжийг судлах ба хөдөлмөрийн зардлыг голчлон тооцно.
Үйлдвэрлэлийн байршлын шийдвэр гаргах болон ямар хүчин чадлаар ажиллах, илүүдэл
болон дутагдсан хүчин чадлыг тооцох, тэдгээрийг хэрхэн эрэлттэй зохицуулан төлөвлөх,
удирдах зэрэг асуудлуудыг судална.
Үйл ажиллагааны удирдлагын хүрээнд гарч буй шинэ шинэ өөрчлөлтүүд, шийдвэр
гаргалтын сүүлийн үеийн аргууд, зах зээл хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжсэн
удирдлагын оновчтой загваруудтай танилцана.
Дээрхи бүх л асуудлыг шийдвэрлэхэд гол үндэслэл нь болдог бүтээгдэхүүний эрэлтийг
хэрхэн төлөвлөх болон эрэлтэнд зохицуулсан бага зардал гарахуйц үйлдвэрлэлийн
төлөвлөлт хийх асуудал бас судлагдана.
Comments
Post a Comment