Дипломын төсөл бичих

 Дипломын буюу төгсөлтийн ажил гэдэг нь оюутан өөрийн олж авсан онолын мэдлэг, судалгааны арга зүйгээ ашиглан мэргэжлийн тодорхой сэдвээр гүнзгийрүүлэн шинжлэн судалж хийсэн бакалаврын зэргийн эрдэм шинжилгээний ажил юм. Дипломын ажлын үндсэн зорилго нь оюутнуудыг эзэмшиж буй мэргэжлийнхээ тодорхой сэдвийг онол, практикийн үүднээс задлан шинжлэх, судалгааны арга зүйд суралцуулах, үүнийгээ судалгаа, шинжилгээний ажилд амжилттай ашиглах чадвар эзэмшүүлэх, оюутны бүтээлч сэтгэлгээ, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэхэд оршдог.

Дипломын ажил нь тус сургуулийн сургалтын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд оюутнуудад танхимд олж авсан онолын мэдлэг, чадвараа бататган өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу тодорхой сэдэв, асуудлаар судалгаа хийж, санал дүгнэлт гаргах, төсөл, шийдвэр боловсруулах ур чадвар, арга барил эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Дипломын ажлын сэдвийг мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийн агуулгын хүрээнд холбогдох багш нартай зөвшилцөн сонгон авч бичнэ. Сэдвийг оюутан нь өөрийн ажилладаг /ажиллах/ төрийн болон төрийн бус, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн байгууллагын захиалгаар, эсвэл сонирхсон асуудлаараа сонгож болно.
Дипломын ажил нь:
1. Сэдвийн төлөвлөгөө
2. Оршил. Тухайн сэдвийг судлах болсон шалтгаан, судалгааны ажлын зорилт, зорилго, түүний судлагдсан байдал, судалгааны арга, шинэлэг тал, үнэ цэнэ, онол практикийн ач холбогдол, дипломын ажлын бүтэц зэргийг бичдэг.
3. Үндсэн хэсэг.
А/ Онолын хэсэг. Тухайн сэдвийг агуулгын хувьд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид хэрхэн үздэг, тэдгээрийн гаргасан үнэлэлт, дүгнэлт, тодорхойлолтууд, тэдгээрийг хооронд нь харьцуулсан байдал зэрэг байна. Мөн түүхэн явцад хэрхэн өөрчлөгдөж байсныг товч дурдаж болно.
Б/ Судалгааны хэсэг. Онол, практикт хэрэглэх боломж, өөрийн дэвшүүлсэн таамаглалуудыг нотлох баримтууд, маргаантай байгаа асуудлуудыг эрдэмтэн, судлаачид хэрхэн шийдвэрлэсэн, практик амьдралд хэрхэн шийдвэрлэж байгаа зэргийг тодорхой баримт судалгаанд тулгуурлан бичсэн байна.
4. Дүгнэлт. Судалгааны ажлын эцэст ямар үр дүнд хүрч улмаар дүгнэлт хийж түүний онол болон практикт хэрхэн хэрэглэж болох ба хэрэгжүүлж байгаа арга замуудыг тодорхой бичнэ. Энэ нь төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөө, байгууллагын бүтэц зохион байгуулалтын хэлбэртэй эсвэл онолын тодорхойлолт, дүгнэлт, санал байж болно.
5. Ном зүй.
6. Хавсралт. Судалгаанд ашигласан бүх баримт сэлт, материалууд, график, схем зураг, хүснэгт зэрэг байна.




Comments